Monday, May 24, 2010

Нохойг тэжээх журам ба норм

Нохойг өдөрт хэдэн удаа ямар хэмжээгээр тэжээх вэ? гэдэг нь түүний нас, хүйс, том, жижиг, жилийн улирал, гүйцэтгэх ажлын хэмжээнээс шалтгаалан янз бүр байна. Гөлөгнүүдийг төрсний дараа 10 хоногоос эхлээд өдөрт 3-4 удаа үнээний сүүгээр угжиж байгаад дараа нь дийзэнд хийж долоолгож сургана. 1 гөлгөнд шилэн аялганы ¼ хэмжээтэй сүү өгч эхлээд аажмаар нэмэгдүүлэ. 6 сартай болоход 500 гр хүргэнэ. Өөрөөр хэлбэл гөлгийг 6 сар хүртэл нь сүүгээр тэжээх хэрэгтэй. 2 долоо хоногийн настайгаас нь сүүнд чанасан хүүхдийн будаа, 3 сартайгаас нь махны шөлөнд чанасан хошуу будаа, чанаад машиндсан мах, өөхгүй түүхий махан таташ өгнө. Махыг эхлээд 25 гр-р өгч 1 сартай болоход 100 гр, 2 сартай болоход 200 гр, 3 сартайд нь 300 гр, 4 сартайд нь 400 гр-д хүргэнэ. Түүхий махан татшийг болсон махны оронд 7 хоногт 3-4 удаа өгнө. 4 долоо хоногийн настайгаас эхлэн хоолонд нь хүнсний ногоо оруулж аажмаар нэмэгдүүлнэ. Үүнд:
2 сартай болтол нь 50-100 гр хүртэл
3 сартай болтол нь 100-200 гр хүртэл
4 сартай болтол нь 200-300 гр хүртэл
4-с дээш сартайд нь 300 гр-р бодно

Хүнсний ногоог махны шөлөнд чанаж өгөхөөс гадна түүхий лууван, ногоон ургамалд амин дэм их учир хөшиглөж, үрж жижиглэн шөлөнд хийж өгнө. Мөн шөлтэй хоолонд загасны шинэ тос 5 дуслаас эхлэн 2 сартай болоход цайны халбагаар нэмж өгөхөд гэмгүй. Эрдэс тэжээл болох кальци глицерфосфат, глюконат кальци, ясны гурил зэргийг тэнцүү хувиар хольж хоногт 1 гр-р өгч эхлээд сар тутамд 1 гр-р нэмэгдүүлнэ. Хоолны цагаан давсыг 1-2 сартайд нь хоногт 10-15 гр, 3-4 сартайгаас эхлэн 15-20 гр өгч болно.

Нохойн хоолны нэг удаагийн хэмжээ

Гөлөгний нас сараар
Хооллох тоо
Нэг удаа өгөх хоолны барагцаалсан хэмжээ

1-2 сарын настай
Өдөрт 6 удаа
1 шилэн аяга

2-3 сарын настай
Өдөрт 5 удаа
2 шилэн аяга

3-6 сарын настай
Өдөрт 4 удаа
3-4 шилэн аяга

6-12 сар хүртэл
Өдөрт 3-2 удаа
1-1,5л (4-6 шилэн аяга)



Эрдэс ургамлын гаралтай хоол нь яс мөгөөрсний хөгжлийг сайжруулдаг тул 3 сартайгаас нь хоолонд түүхий мах, давсалсан загас, ногоо давамгайлж сүүн бүтээгдэхүүнээ бага багаар хасч болно. Хоолны 75 орчим % нь мах байхад зүгээр. Нохойг гөлөг байхаас нь тодорхой цагт, тодорхой нэг газар хооллуулж байх нь зөв. Элэг, уушиг, дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн чанаж өгнө. өндгийг 7 хоногт 3-с илүү өгөх хэрэггүй. 1-2 сартайд түүхий өндөг өгч болно. Ясыг ихэвчлэн шөл гаргахад хэрэглэх ба 2 сар хагастайгаас нь эхлэн хоолны дараа түүхий яс мэрүүлэх нь зүгээр. Бага насны нохойд “Д” аминдэм 2 долоо хоног уулгаад 1 долоо хоног амрааж өгч болно. Хэтрүүлж хэрэглэхийг хориглоно. Эрдсийн дутагдалтай нохой хооломцож хоолоо идэхдээ яаруу, бүхэл голцуу залгиж иддэг. Үргэлж өлөн ховдог байдаг. Тиймээс юу ч хамаагүй идэж хордлогод орох нь элбэг.

0 comments:

Post a Comment